Австрали улсын Тасманийн их сургуулийн эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдэл болсон тохиолдолд хүн төрөлхтний соёл иргэншлийн сүүлийн арван жилийн мэдээллийг бичиж авах хар хайрцгийг зохион бүтээж байгаа юм байна. Хар хайрцгийг 2022 оны сүүлээр Тасмани аралд суурилуулна гэдгээ эрдэмтэд мэдэгдсэн байна.
Гурван инчийн зузаан буюу 7 см ган материалаар бүтээж байгаа энэ хар хайрцгийн хэмжээ нь зорчигч тээврийн автобустай ижил хэмжээтэй. Мөн дотор талд нь байрлах тусгай төхөөрөмж нь агаар мандал дахь нүүрс төрөгчийн давхар ислийн хэмжээ, дэлхийн өнцөг булан бүрийн дундаж температур зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийг хадгалж авах юм байна. Тэгвэл гадна талд нь хар хайрцгийг эрчим хүчээр хангах нарны зайн хураагуур суурилуулах юм байна. Уг төхөөрөмжийг 2022 оноос эхлэн бүтээж эхлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сүүлийн 5 жилийн мэдээллийг хэдийн цуглуулчхаад байгаа юм байна. Харин хар хайрцгийг зохион бүтээсний дараа цаашид төхөөрөмж нь хүний оролцоогүйгээр ирэх 5 жилийн мэдээллээ шинэчлэн боловсруулж санах ойдоо хадгалж авах юм байна. Эрдэмтэд экологийн сүйрлийн хар хайрцаг бүтээх ажлыг энэ оны 11-р сард болж өнгөрсөн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын дараа хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Түүнчлэн мэдээллийг кодчилох хэд хэдэн арга боловсруулсан бөгөөд нарны гэрэл төхөөрөмж дээр тусах үед идэвхжих тусгай мэдээлэл цуглуулагчийг нарны зайн хураагууртай хамт суурилуулахаар төлөвлөсөн байна. "Эвдэршгүй хар хайрцаг"-ийн гол зорилго нь экологийн сүйрэл болоход нөлөөлсөн хүн төрөлхтний бүхий л үйл ажиллагааг баримтжуулан үлдээх юм" гэж хар хайрцгийг бүтээгчид онцолжээ. Манай гарагийн ирээдүйн оршин суугчид олон жилийн дараа үүнийг олж мэдсэнээр соёл иргэншил устаж алга болоход яг юу нөлөөлснийг мэдэх боломжтой гэдгийг эрдэмтэд нэмж дурдсан байна.