БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт нэмэгджээ

БНХАУ-ын гадаад худалдааны хэмжээ энэ оны эхний 11 сарын байдлаар 130 тэрбум ам.долларт хүрч өмнөх жилээс даруй 22 хувиар өссөн гэдгийг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэргэжилтэн мэдэгджээ. Мөн хугацаанд импорт болон экспортын бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 36 мянгаар нэмэгдсэн нь дээд үзүүлэлт болжээ. 

БНХАУ-ын засгийн газар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналт тавих ажилд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласныхаа үр дүнд импорт, экспортын эргэлтээ нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн 5 жилд байгаагүй дээд үзүүлэлт болсон гэж “Блүүмберг” агентлаг онцолжээ. Хамгийн сүүлд 2017 оны эхэн үед энэ хэмжээний олон талт гадаад худалдааны өсөлтийг харуулж байсан юм. Тэгвэл энэ онд Хятадын механик болон цахилгаан бараа, машины чип, гар утас зэрэг бараа бүтээгдэхүүний экспорт хурдацтай нэмэгдсэн байна. Хятадын Гаалийн ерөнхий газраас танилцуулсан тоон мэдээллээс харвал, зөвхөн өнгөрсөн 11-р сард тус улсын гадаад худалдаа 579 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн 2019 онд Хятадын гадаад худалдаа 1 хувиар буурч, 4.5 их наяд ам.долларт хүрсэн бол 2020 онд 4.6 их наяд ам.долларт хүрч, 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байжээ. Тэгвэл энэ оны эхний 11 сарын байдлаар 5.4 их наяд ам.долларт хүрээд байна.