Д.Бат-Эрдэнэ: Иргэд худалдан авсан барааныхаа анхны шинж тэмдгийг алдагдуулаагүй бол буцаах эрхтэй

Дэлгүүр, худалдааны төвүүдэд “Зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичиг хадсан байдаг. Гэтэл энэ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Мөн зарим газарт НӨАТ-н баримт хэвлэгдсэн учраас барааг буцаах боломжгүй гэдэг тайлбар ч хууль зөрчсөн үйлдэл мөн гэдгийг 2020 онд ШӨХТГ-аас анхааруулж, хориглосон байдаг. Иргэд худалдан авсан бүх төрлийн барааныхаа анхны шинж тэмдэг буюу шошго, уут баглааг алдагдуулаагүй тохиолдолд буцаах боломжтойг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Тэгвэл худалдаа эрхлэгчид дээрх шийдвэр гарснаас хойш худалдаж авсан бараагаа өмсөж хэрэглэчхээд буцаахыг хүссэн иргэдийн тоо нэмэгдсэн хэмээн хэлж байна. 

Худалдаа үйлчилгээ эрхлэгчид чанаргүй бараа нийлүүлчхээд зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү гэсэн үгсээр халхавч хийж, хариуцлага хүлээхээс зайлсхийдэг тохиолдлууд байгаа ч нөгөө талаас иргэд ч худалдаачдад хүндрэл үүсгэдэг байна.

Худалдаж авсан барааны анхны шинж тэмдгийг алдагдуулаагүй ч хэрэглэгчийн эрхийг зөрчиж, баримт нэгэнт олгогдсон зэргээр буцаалт хийдэггүй худалдааны байгууллагыг ШӨХТГ-ын 115 дугаарын утас руу залгаж мэдэгдэх боломжтой.