Энэ оны эхний 11 сарын байдлаар манай улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Жилийн эцэс болж байгаа ч энэ онд экспортолно гэж төсөөлсөн 42 сая тонн нүүрсний тал хувьд ч хүрэхгүй нь тодорхой болжээ.
Цар тахлын өмнө буюу 2019 онд Гашуунсухайт- Ганц мод боомтоор өдөрт 1100-1200 автомашин нэвтэрдэг байсан бол нүүрсний экспорт нэмэгддэг зун, намрын улиралд 1700 автомашин нэвтэрч байжээ. Харин цар тахлын улмаас манай улсын нүүрсний экспорт буурч өнөөдрийн байдлаар Гашуунсухайт- Ганц мод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 92 автомашин нэвтэрч байна. Нэг автомашины багтаамж нь 130 тонн гэж үзвэл өдөрт 10-11 мянган тонн нүүрс экспортолж байна гэсэн үг.
Энэ оны эхний 11 сарын байдлаар манай улс нийт 15,2 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 43,8 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор экспорт буурсан ч экспортоос олсон орлого 29,7 хувиар өссөн бөгөөд 15,2 сая тонн нүүрсний экспортоос 2,6 тэрбум долларын орлого олоод байна. Харин үнийн өсөлттэй үед экспортын хэмжээ буураагүй байсан бол 4.6 тэрбум долларын орлого төвлөрөх байжээ. Өөрөөр хэлбэл экспорт буурснаас шалтгаалан манай улс 2 тэрбум долларын алдагдалтай ажиллажээ.
Нүүрс тээвэрлэлтийг 8-р сарын 20-оос битүүмжилсэн багийн тээврээр буюу жолооч нарыг баг болгон тусгаарлах замаар явуулж эхэлсэн. Нүүрс экспортын Гашуун Сухайт боомтод өнөөдрийн байдлаар 150 багийн 3951 бүртгэлтэй жолооч ажилладаг. Тээврийн компаниудын жолооч нараас сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол илрээгүй гэлээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр баяжуулсан коксжих нүүрс тонн нь 330 америк доллар байгаа нь жилийн өмнөхөөс 2.6 дахин өссөн. Коксжих нүүрс тонн нь 360 америк доллар байгаа бөгөөд жилийн өмнөхөөс 1.6 дахин өссөн байна. Боловсруулаагүй коксжих нүүрс 252 америк доллар байгаа нь жилийн өмнөхөөс 2.2 дахин өссөн байна. Энэхүү үнийн огцом өсөлтийн үед манай улсын нүүрсний экспорт буурснаар гадаад худалдааныхаа 25 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай ажилласан байна.
БНХАУ өвлийн олимпоо үзэгчтэй зохион байгуулахын тулд хил боомтын хяналт шалгалтаа чангатгаж, манай улсаас авах эрдсийн импортоо задгайгаар тээвэрлүүлэхгүй, зөвхөн чингэлэг тээврээр явуулах шийдвэрийг 10 дугаар сард гаргасан ч өмнө нь удаа дараа шаардлага тавьж байсан юм. Үүний дараа манай улс чингэлэг тээврийг эхлүүлэхэд бэлдэж тодорхой цаг хугацаа алдсан. Харин үүнийг зарим шинжээчид манай улсын 10 жилийн өмнө хийчихсэн байх ёстой ажил. Экспортын голлох хувийг эзэлдэг нүүрс тээврийн дэд бүтцийг шийдэхэд үе үеийн засгийн газар хариуцлагагүй ажилласан гэж үзэж байгаа юм.