Оюутолгой нь дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны хүдрийн биет бөгөөд одоогоор тогтоогдсон нөөцийг үндэслэн 60 гаруй жил ашиглах боломжтой гэх тооцоо бий. Одоогоос 6 жилийн өмнө буюу 2015 онд тухайн үеийн ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлж байсан засгийн газрын үед Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөнд Дубай хотод гарын үсэг зурж, Дубайн гэрээний түүх эхэлсэн. Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэсэн мэдэгдлийг Рио Тинто гаргаж, 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Тухайн үед 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн бөгөөд гэрээ ёсоор оюу толгойн төслийн далд уурхайн төсөл 2020 онд ашиглалтад орж, үр ашгаа өгөхөөр тооцсон. Гэтэл Рио Тинто компани 2020 оны Оюутолгой төслийн ТЭЗҮ-д шинэчилсэн тодотгол хийсэн санхүүгийн тооцооллоор манай улсад ирэх үр өгөөж буурахаас гадна 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 ам.долларын өртэй үлдэх тооцоог Монгол улсын засгийн газарт өгсөн. Тиймээс Оюу толгойтой хэлэлцээр хийх засгийн газрын ажлын хэсгээс Рио Тинто группийн төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, мөн Дубайн гэрээг хүчингүй болгох чиглэлээр хэлэлцээрийн явцад санал тавьсан. Тэгвэл Рио Тинто группийн ерөнхий захирал засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авч, 5 арга хэмжээг авахад бэлэн байгаагаа илэрхийлж, 12-р сарын 13-нд захидал ирүүлжээ.
Харин Рио Тинто групп, Туркойз Хилл Ресурсес компанийн зүгээс гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны 1-р сард багтааж хийхээр зорилго тавьсан учраас малтлагыг эхлүүлэх урьтал нөхцөлүүдийг ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг хүсэж байна гэсэн байна. Цаашид Оюу Толгой төсөлтэй холбоотой яриа хэлэлцээ үргэлжилнэ гэдгийг засгийн газраас мэдэгдлээ.