АНУ-ийн ерөнхийлөгч Жо Байден, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нар өнгөрөгч баасан гарагт утсаар ярьжээ. Тэдний яриа Киевийн зарласан цагаас нэг цагийн дараа эхэлж 2 цаг орчим үргэлжилсэн бөгөөд гол сэдвүүд нь Донбассын асуудлыг тайван замаар шийдэх, хэрэв ОХУ цэргийн хүчээр Украинд халдсан тохиолдолд АНУ-аас үзүүлэх тусламж, ОХУ-д тавих хориг арга хэмжээ, Украиныг НАТО-д элсүүлэх зэрэг асуудлууд байсан байна.
Украины засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр орны ерөнхийлөгч нарын яриа гол асуудлаас буюу Ж.Байден, В.Путин нарын цахим уулзалтын талаар эхэлсэн байна. “АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн 7 хоногт болсон цахим уулзалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн” гэж В.Зеленский хэлэлцээний дараа мэдэгджээ. Өчигдөр Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак улсын төв телевизийн "Эрх мэдэлд хүрэх эрх" нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Украины ерөнхийлөгч Жо Байдентай Донбассын асуудлыг зохицуулахад АНУ-ыг оролцуулах талаар ярилцсан, АНУ энэ үйл явцад идэвхтэй оролцохоор шийдсэн гэж дүгнэж болно. Хэрхэн оролцох нь олон нөхцөл байдлаас шалтгаална, Нормандын форматтай зэрэгцүүлэх хэлбэрээр ч байж магадгүй" гэж хэлсэн байна. Мөн түүний хэлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Оросын түрэмгийллийг тогтоон барихад Украинд туслахаа амласан бөгөөд “туслалцаа хэдийнээ үзүүлж эхэлжээ”. "Украины талаарх аливаа хэлэлцээ, аливаа шийдвэр нь Украингүйгээр байж болохгүй гэж Байден хэлсэн бөгөөд АНУ Украинд шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ гэдгийг нотолсон" гэж тэрбээр хэлсэн байна. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Украйныг НАТО-д гишүүн орноор элсүүлэх эсэх нь зөвхөн Киев болон тус эвсэлд хамаарах гишүүн орнуудын анхаарлаа хандуулах сэдэв” гэдгийг онцлоод “Хэрэв Орос Украин рүү цэргийн хүчээр довтловол үүнийхээ хариуг чангахан хүртэх болно” хэмээн товч бөгөөд тодорхой тайлбар өгсөн байна.