АНУ стратегийн нөөцөөсөө 18 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлнэ

АНУ-ын эрчим хүчний яам энэ сарын 17-оос эхлэн стратегийн нөөцөөсөө 18 сая тонн газрын тосыг зах зээлд нийлүүлэхээр болсон тухайгаа өнгөрөгч бямба гарагт өөрсдийн албан ёсны цахим хуудсандаа нийтэлжээ. Байдены засаг захиргаа шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг хэрэглэгч улс орнуудтай хамтран нөөцөөсөө 50 сая баррель газрын тосыг зах зээлд нийлүүлнэ гэдгээ өнгөрөгч сард мэдэгдээд байсан юм. 

“Цагаан ордны зүгээс шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийн тогтворгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сард ерөнхийлөгч Жо Байден шийдэмгий арга хэмжээ авсны дараа Эрчим хүчний яам энэ сарын 17-нд 18 сая тонн баррель газрын тосыг зах зээлд нийлүүлэхээр болсон” гэж тус улсын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен онцолсон байна. Энэ онд үргэлжилж байгаа олон улсын эдийн засгийн огцом сэргэлтийн улмаас газрын тосны эрэлт нэмэгдсэнээр шатахууны үнэ сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээнд буюу нэг баррель газрын тосны ханш 86 ам.долларт хүрч өсөөд байсан юм. Тэгвэл АНУ-ын гаргасан стратегийн нөөцөө ашиглах шийдвэр болон “ковид-19”-ийн халдварын “омикрон” хувилбарын тархалтын улмаас газрын тосны үнэ 13 хувиар буурчээ. Өнгөрөгч ням гарагт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх арилжаа хаагдах үед нэг баррель газрын тосны үнэ 75.15 ам.долларт хүрч унасан байна. “Зах зээлийн тэнцвэргүй байдлыг зохицуулах” ажлын хүрээнд тус улсын Эрчим хүчний яам эхний ээлжид 4.8 сая тонн баррель газрын тосыг “Exxonmobil” компанид шилжүүлнэ гэдгээ зарласан юм. Цахим хуудсанд нь тайлбарласнаар, дээр дурдсан солилцооны журам нь "Яаралтай нөхцөл байдалтай холбогдуулан компани улсын нефтийн нөөцөөс түүхий газрын тосыг богино хугацаагаар зээлдэн авч байна" гэсэнтэй ижил утгатай юм.  Дараа нь “Exxonmobil” компани урьдчилж тохиролцсон "Газрын тосны нэмэлт урамшуулал"-ыг харгалзан зээлсэн түүхий эдээ бүрэн буцааж өгөх үүрэгтэй хэмээн тайлбарлажээ.