Иргэд, худалдаачид хил нээх асуудлаар үнэн бодит мэдээлэл өгөхийг Гадаад харилцааны яамнаас шаардлаа

Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдэж хилээ хааснаас хойш манай улс хүнс, хувцас бүх төрлийн барааны хомстолд орсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд хил нээгдлээ, хэвийн боллоо, 1-р сарын 21-нээс БНХАУ-ын Эрээн боомт нээгдэнэ, 12-р сарын 10-аас хилийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ зэрэг мэдээллийг Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагуудаас өгсөөр ирсэн ч өнөөдрийн байдлаар ачаа бараа гацсан, зарим эмзэг бараа бүтээгдэхүүн муудаж хаягдал болсон нөхцөл байдалтай байна. Мөн улирлын чанартай хувцас хэрэгслийн улирал нь дуусч мөнгөө түгжиж, зээлийн дарамтад орсон олон худалдаачид байна. Энэ мэтээр худалдаа эрхлэгчид хоёр улсын харилцаа, хил боомтын асуудлаас шалтгаалан цаг хугацаа, санхүү гээд олон зүйлээр хохирсоор байгаагаа ярьж байна.

Тэгвэл гадаад харилцааны дэд сайд Эрээн боомт тодорхойгүй хугацаагаар хаасан гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах үе шаттай ажил явагдаж байна гэсэн мэдээллийг өгчээ. Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яамнаас өгсөн хэд хэдэн мэдэгдлийн дагуу худалдаа эрхлэгчид бараагаа захиалсан талаараа хэлж байсан юм. Гэсэн хэдий ч Эрээн боомтын үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн байдалд шилжээгүй нь алдагдалд оруулсан тул цаашид баттай мэдээлэл өгөхийг ГХЯ-аас шаардаж байна.