Нийслэл хот өнөөдрийг хүртэл явган хүний замын стандартгүй байсаар байна. Тийм ч учраас ААН, байгууллагууд гаднах тохижилтоо хийхдээ явган хүний замыг өнгө үзэмжийг нь бодож гялгар плита, эко буюу нүхтэй хавтан зэргээр хийдэг байна. Эдгээр нь явганаар явж байгаа хүнд нийцдэггүй, цас орсны дараа халтирах магадлалыг улам нэмэгдүүлдэг байна. Тэгвэл нийслэлийн явган хүний замын стандарт ирэх онд батлагдана гэж мэдээлж байна.
Өвлийн улиралд нийслэлчүүдийн хамгийн том асуудал бол халтиргаа гулгаа байдаг. Ялангуяа үйлчилгээний газрууд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадаах замаа гулгамтгай материалаар хийгдсэн байдаг бөгөөд ойр орчмынхоо цасыг цэвэрлэдэггүйгээс үүдэн зам хөлдөж мөстөн, хүмүүс халтирч унаж байгааг эмч хэлж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад өдөрт 280 орчим хүн ирдэг байсан бол сүүлийн өдрүүдэд 380-400 орчим хүн өдөрт ирж байгаа, эдгээрийн 60 гаруй хувь нь халтиргаа гулгаанаас болж бэртэж эмнэлэгт ханддаг байна.
Нийслэлд явган хүний замыг ямар материалаар хийх, материал нь гөлгөр, халтирдаггүй байх гэх мэт тодорхой стандарт байхгүйгээс халтиргаа гулгаа үүсэж улмаар хүмүүс нь унаж бэртсээр байна. Тиймээс нийслэлд замын стандартыг батлахаар болжээ.
Олон улсад хүний хэрэгцээнд тааруулж явган хүний замын стандартыг баталдаг. Жишээ нь Скандинавын хойгт цас ихээр ордог тул Норвеги улсад хүйтний улиралд иргэдийг халтирч унахаас сэргийлж явган хүний замыг тусгай резинэн материалаар хийсэн байдаг байна.