Дотуур байруудын дийлэнх нь гаднаа жорлонтой, ус хангамж, ариун цэврийн байгууламж шийдэгдээгүй байна

Манай улсын хэмжээнд 540 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна. Тэдгээрийн дийлэнх нь гаднаа жорлонтой, ус хангамж, ариун цэврийн байгууламжгүй гээд хүний наад захын хэрэгцээ шаардлагыг хангадаггүй. Тэгвэл удахгүй батлагдах Боловсролын багц хуульд дотуур байрны стандарт, хүүхэд хамгааллын бодлогыг тусгаж өгөх шаардлагатайг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд хэлж байна.

Дотуур байранд ихэвчлэн малчдын хүүхдүүд амьдардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд жилд ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж халамжаас хол дотуур байранд өнгөрөөдөг байна. Хүүхдүүд чанартай боловсрол эзэмшихэд дотуур байрны орчин нөхцөл, хоол хүнс, үйлчилгээ чухал нөлөөтэй. Хүний эрхийн үндэсний комиссоос дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа эсэх дээр судалгаа явуулахад дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зарим тохиолдолд зөрчигдөж байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд дотуур байрны асуудлыг нарийвчлан зохицуулж өгөөгүй юм байна. Мөн дотуур байранд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдийн эрх хамгааллын асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх нь хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх өндөр ач холбогдолтой хэмээн иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна.

Цаашдаа дотуур байрны сурагчдын амьдарч, сурч хөгжих орчныг бүрдүүлж, тэдний сэтгэл хангалуун, амжилттай сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.