БНСУ Бээжингийн олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцэхгүй гэж тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин даваа гарагт мэдэгджээ. Мөн АНУ болон бусад холбоотон улс орнуудын зүгээс бидэнд “дипломат бойкотод” нэгдэх санал тавиагүй хэмээжээ.
Мүн Жэ Ин Канберра хотноо Австралийн ерөнхий сайд Скотт Моррисонтой өндөр түвшний яриа хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн юм. АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх онд болох өвлийн олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэж, дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэснээ 12-р сарын 6-нд мэдэгдсэн. Харин тус улсын баг тамирчдын хувьд тэмцээн уралдаандаа оролцох юм байна. Бээжингийн олимпыг эсэргүүцэх төлөвлөгөөнийхөө талаар АНУ-ын эрх баригчид холбоотнууддаа мэдэгдсэн бөгөөд одоогоор Австрали, Их Британи, Канад улсууд нэгдээд байгаа юм.