ОХУ, Украины асуудлаар “Долоогийн бүлэг”-ийн гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө

“Долоогийн Бүлэг”-ийн гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт Английн Ливерпуль хотод болж өндөрлөлөө. Уулзалтын гол зорилго нь ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор ардчилсан орнуудын эв нэгдлийг харуулах явдал байсан гэж “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Дээд хэмжээний уулзалтын ихэнх хэсэг нь Украины хилийн орчимд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэхэд зориулагджээ. Барууны орнууд ОХУ-ыг Украины нутаг дэвсгэр лүү довтлох гэж байна гэж таамаг дэвшүүлж байгаа юм. Харин Оросын эрх баригчид үгүйсгэсээр байна. "Украины эсрэг цаашид цэргийн хүчээр түрэмгийлэл үйлдвэл маш их үнэ төлөх ноцтой үр дагавартай байх болно гэдэгт Орос улс эргэлзэх ёсгүй" гэж оролцогч орнууд хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. Мөн ОХУ-д хандан хурцадмал байдлыг намжааж, дипломат сувгийг ашиглаж, цэргийн үйл ажиллагааны ил тод байдлын талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсан байна. Оросын тал дээрх мэдэгдэлд хараахан тайлбар хийгээгүй байна. Гэсэн хэдий ч өнгөрөгч ням гарагийн орой Лондон дахь Оросын элчин сайдын яам мэдэгдэхдээ, "Оросын түрэмгийлэл" гэсэн нэр томьёог ашиглан Их Британийн засгийн газар "дагагчдаа төөрөгдүүлж”, “Долоогийн Бүлэг”-ийг даргалах хугацаандаа "эв нэгдлийг харуулах" гэсэн нийтлэг шалтгааныг эрэлхийлэх эрмэлзлээ” харуулж байна гэжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар мөн хоёр цагийн турш цахимаар хэлэлцээ хийж, ОХУ-аас Украинд учруулж байгаа цэргийн аюул заналхийлэлтэй холбоотой асуудлаар хоёр цагийн турш ярилцсан юм.