МҮЭХ: Ирэх онд цалин хөлсийг хамгийн багадаа 25 хувиар нэмэх шаардлагатай 

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс 420 мянган төгрөг болсон. Өнгөрсөн жилийн судалгаагаар улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэгч 1.1 сая хүний 8 хувь буюу 80 мянга орчим нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн дүн гарчээ.

Тухайн үед инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний сагсны үнийн өсөлт 6 хувь байсан бөгөөд 2020 оны 12-р сар хүртэл инфляц буурч 1.9-5.3 хувийн хооронд хэлбэлзэж байжээ. Харин энэ оны 11 дүгээр сарын инфляц 10.5 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2 оронтой тоонд орсон огцом өсөлт болоод байгаа юм. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тогтмол өссөөр байгаа энэ үед ард иргэдийн цалин хүрэлцэхгүй, худалдан авалт ч буурч байгааг иргэд, худалдаа эрхлэгчид хэлж байна. Тиймээс бодит нөхцөл байдалд тулгуурлаж ирэх онд цалин хөлсийг хамгийн багадаа 25 хувиар нэмэх шаардлагатай гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэлж байна.

Үндэсний статистикийн хороо 11 р сарын мэдээллээр аж ахуйн нэгж байгууллагын дундаж цалин 1,3 сая төгрөг байгаа нь өмнөх оноос 66 мянган төгрөгөөр өссөн гэж мэдээллээ. Эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж цалингийн зөрүү 300 мянга байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж цалин 1,5 сая төгрөг, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна. 

Харин зарим иргэд өөрсдийн болон эргэн тойрны хүмүүсийн цалингаас харахад дундаж цалин үүнээс бага байна гэж үзэж байна. Авч байгаа цалин худалдан авалттай харьцуулахад хүрэлцэхгүй байгаа гэж байна

Дундаж цалингийн хэмжээ өндөр гарахад уул уурхайн салбарын ажилтнуудын цалингийн хэмжээ томоохон нөлөө үзүүлж байна. Учир нь тус салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 3.1 сая төгрөг байгаа юм. Харин зочид буудал нийтийн хоолны салбарын ажилтнуудын цалин хамгийн бага буюу 891 мянган төгрөг байна гэж үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гэвч үүнээс бага цалинтай иргэд олон байгаа, тэдний нэг жишээ төрийн үйлчилгээний ажилтнуудын дундаж цалин 470-570 мянган төгрөг байна. Манай улсад 145 мянга орчим төрийн үйлчилгээний ажилтан байдаг юм. Тиймээс цалин хөлсийг ирэх онд багадаа 25 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүссэн гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэлж байна

Харин одоогоор шийдвэр гаргагч, төсвийн ерөнхийлөн захирагчдын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар яриагүй. Зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг ирэх онд нэмэх тухай ярьж байгаа юм. Түүнчлэн, манай улсад байр орон сууцны түрээс, худалдааны үнэ ч огцом өссөн, хотын төвийн нэг өрөө байрны түрээсийн үнэ 800 мянгаас эхэлж байгаа нь төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингаас 200-300 мянган төгрөгөөр үнэтэй байна. Зөвхөн энэ жишээ л цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатайг баталж байна.