“Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин бүтээгчдийг “оны баатар”-аар тодруулжээ

АНУ-ын “Time” сэтгүүлээс “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин бүтээсэн эрдэмтдийг “2021 оны баатрууд” хэмээн өргөмжилж, мөн “шидтэнүүд” гэж тодорхойлсон байна. Тус сэтгүүл вакцин бүтээхэд оролцсон эрдэмтдийн дундаас дархлаа судлаач Киззмекиа Корбетт, АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дэд захирал Барни Грэм, Унгарын биохимич Каталин Карико, “МRNA” технологийг хөгжүүлж байгаа Америкийн судлаач Дрю Вейсман нарыг онцолсон байна.

“Эдгээр дөрвөн хүн энэхүү хүчин чармайлтад ганц ганцаараа байсангүй. Дэлхий даяар эрдэмтэд нэгдэж янз бүрийн платформ, технологи ашиглан “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин бүтээж байна. Үүнтэй холбогдуулан Корбетт, Грэм, Карико, Вайсман нар бидний эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлөх шинэлэг, өндөр үр дүнтэй “МRNA”-д суурилсан вакцины баазыг нэвтрүүлснээр нэн чухал амжилтад хүрсэн" гэж тус сэтгүүлд бичжээ. Тэгвэл өнгөрсөн онд “TIME” сэтгүүл "ковид-19"-ийн халдвартай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд, АНУ-ын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн Энтони Фаучи, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэх хөдөлгөөний зохион байгуулагчдыг “оны баатар”-аар тодруулж байсан юм.