Дэлхий дахинд “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины хүртээмж нэмэгдсэнээр улс орнууд хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ цуцалж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, эдийн засгийн сэргэлтийн үедээ явж байна гэж эдийн засагчид мэдэгдэж байна. Харамсалтай нь эдийн засгийн энэхүү огцом сэргэлт нь зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлж байгаагаас үүдэн газрын тос, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өсөхөд хүргэж байна гэж дэлхийн банкны эдийн засагчид мэдэгдэлдээ дурджээ.
Өнгөрөгч 11-р сард АНУ-ын инфляцийн түвшин 6.8 хувь буюу сүүлийн 30 жил гаруй хугацаанд тохиолдоогүй дээд хэмжээнд хүрсэн байна. Америкийн төв банкнаас мэдэгдсэнээр, шатахууны үнэ өнгөрсөн 10 жилийн дунджаас даруй 58 хувиар өссөн нь инфляцийн хөөрөгдөлд голлох нөлөөг үзүүлжээ.
Тэгвэл Их Британид өнгөрсөн сард өргөн хэрэглээний бараа материалын үнэ жилийн дүнгээр 5 хувиар нэмэгдсэн бол шатахууны үнэ 10 хувиар нэмэгдсэн нь тус улсын инфляц сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм хэмээн сангийн сайд Риши Сунак мэдээлжээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнөөс үүдэж дундаж суудлын автомашины түлшний савыг дүүргэхэд британичууд жилийн өмнөхөөс 19 фунт Стерлингээр илүү үнэ төлөх болсон байна.
Харин Азийн 2 дахь том эдийн засаг, санхүүгийн сахилга бат сайтай Япон улсад бөөний худалдааны үнэ 9 хувиар өсжээ. Үүнд иений ханш суларсан болон шатахууны үнийн өсөлт нөлөөлсөн байна. Тодруулбал, шатахуун болон нүүрсний үнэ өнгөрөгч 11-р сард жилийн өмнөхөөс 50 хувиар өндөр үнээр борлуулагдаж байгаа. Мөн импортын барааны үнэ 45 хувь буюу 1981 оноос хойш хамгийн өндөр хэмжээгээр өссөн гэдгийг Токиогийн хөрөнгийн биржээс мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан Япон улсын засгийн газраас хэрэглэгчийг үнийн дарамтаас чөлөөлөх хэсэгчилсэн ажлынхаа хүрээнд бүх төрлийн импортын бараа бүтээгдэхүүний татварыг 5-30 хувь хүртэл хөнгөлсөн байна.