Энэ жил БНХАУ-д оруулсан гадны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 157.4 тэрбум ам.долларт хүрсэн талаар тус улсын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн байна. “Ковид-19”-ийн халдварын эсрэг үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснийхээ үр дүнд Хятад улсын эдийн засаг хурдацтай сэргэж, улмаар олон улсын компаниуд хөрөнгө оруулалт хийх нь эрс нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Хятад улсын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ оны эхний 11 сарын байдлаар гадны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар нэмэгдэж 1.4 их наяд юань буюу 157.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хөрөнгө оруулалт татсан жил болсон гэдгийг мөн дурджээ. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нь тухайн улсын олон улсад нээлттэй байдлын түвшинг тогтоох гол “шалгуур” гэж шинжээчид үздэг байна. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид гадны хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтанд оруулсан аж ахуйн нэгжүүдийн тоог цөөлж, олон улсад амжилт гаргах төслийн үйлчилгээг хөнгөвчилж, хууль тогтоомжид суурилсан тав тухтай бизнесийн орчин бүрдүүлж, зах зээлийн боломжоо дэлхий дахинд хуваалцана гэдгээ БНХАУ-ын худалдааны яамны төлөөлөгч мэдэгдэлдээ онцолсон байна.