АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын Шинжаан-Уйгураас бараа бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох, тус бүс нутагт Уйгур үндэстэн иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа хуулийн этгээдүүдэд хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна. Цагаан ордны тэрүүн Жо Байден “Уйгур иргэдийн эсрэг явуулж байгаа Хятадын эрх баригчдын үйл ажиллагааг “геноцид” буюу хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж үзэж байгаа учраас уг хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулж байгаа гэдгээ мөн мэдэгдсэн байна. 

БНХАУ-ын тал Шинжаан-Уйгураас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай АНУ-ын хуулийг эрс эсэргүүцэж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохоо зогсоож, алдаагаа засахыг Вашингтонд уриалж байна гэж Хятадын гадаад хэргийн яамны сайд Ван Веньбинь өчигдөр мэдэгджээ. "Уг хуулийн төсөл нь баримтыг үл тоомсорлож, Хятадын Шинжаан дахь хүний​​ эрхийн байдлыг санаатайгаар гутаан доромжилж, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон явдал боллоо. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна" гэж тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ.  

“АНУ Шинжааныг зохиомол цуу яриа тараах, өдөөн хатгасан үйл явдлуудын шалтаг болгон удаа дараа ашиглаж, үнэн хэрэгтээ хүний ​​эрхийг хамгаалах нэрийдлээр улс төрийн заль мэх, эдийн засгийн хавчлага явуулж, Шинжааны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг алдагдуулан, Хятад улсын хөгжлийг хязгаарлахыг оролдож байна” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. "Шинжааны хэрэг бол гагцхүү Хятадын дотоод хэрэг гэдгийг бид дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна. Хятадын засгийн газар, ард түмний улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн ашиг сонирхлыг хамгаалах шийдвэр нь гуйвшгүй юм. Бид алдаагаа нэн даруй засаж, Шинжаантай холбоотой асуудлыг худал мэдээлэл тараах, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадын хөгжлийг сааруулах зорилгоор ашиглахаа зогсоохыг АНУ-д уриалж байна" гэж мэдэгдэлд нэмж дурджээ. Түүнчлэн Хятад улс цаашид нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс шалтгаалан хатуу хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан байна.