Зарим ӨЭМТ-үүд санхүүжилт байхгүйн улмаас иргэдэд эмийн багц өгөхөө зогсоожээ

“Ковид-19”-өөр өвчлөн гэртээ эмчлүүлж буй иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан 160 мянган төгрөгийн тусламж, үйлчилгээг авдаг. Үүнд иргэдэд шаардлагатай эмийн багц, шинжилгээний төлбөр, эмнэлгийн ажилтны хувцас, нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл зэрэг бусад үйлчилгээний зардлууд багтдаг байна. Тэгвэл сүүлийн үед зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд санхүүжилтгүй болж иргэдэд эмийн багц олгож чадахгүй болсонд иргэд бухимдалтай хандаж байна.

Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар ЭМДЕГ энэ оны гуравдугаар сараас эхлэн “ковид-19” цар тахлын дэгдэлтийн үед гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан олгож байгаа. Хэрвээ иргэн “ковид-19”-ийн халдвартай эсэх нь шинжилгээгээр баталгаажвал харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөсөө 160 мянган төгрөгөнд багтахуйц тусламж үйлчилгээг авах боломжтой байдаг. Эмийн багцыг хэдэн төгрөгт багтаах нь тодорхой бус байдаг учраас өрхийн эмнэлэг бүр харилцан адилгүй эмийн багцыг иргэдэд олгодог байсан. Тэгвэл сүүлийн үед зарим эрүүл мэндийн төвүүд санхүүжилтгүйн улмаас иргэдэд эмийн багц олгохоо зогсоогоод байна. Үүнээс үүдэн иргэд 100 гаруй мянган төргөрөөр эм худалдан авч байгаа бөгөөд зарим төрлийн эм, бэлдмэлүүд тасалдсан учраас авч чадахгүй байдалд орсноо хэлж байна. 

ӨЭМТ-үүдэд олгож буй санхүүжилтийн талаар тодруулахад зарим ӨЭМТ-үүд иргэдэд эмийн багц өгөхгүй байгаа. Харин зарим ӨЭМТ-үүд 10 болон 11-р саруудад авсан 50 хувийн санхүүжилтаараа иргэдэд эмийн багц олгож байгаа гэлээ.

Харин энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад 2021 онд эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 1,2 их наяд төгрөг байхаар батлагдсан. Харин одоогийн байдлаар 1,4 их наяд төгрөгийн гүйтэтгэлд санхүүжилт олгосон байгаа. Эдгээрийн дийлэнх нь “ковид-19”-ийн санхүүжилт эзэлж байгаа юм байна. Мөн “ковид-19”-ийн санхүүжилтийг ирэх оны эхний сар гэхэд хэвийн болгохоор ажиллаж байгаа гэлээ.