Афганистанд эмэгтэйчүүд гэрээсээ 72 км-ээс илүү зайд ганцаараа явж болохгүй

Афганистан улсын засгийн эрхийг гартаа оруулсан “Талибан” хөдөлгөөний гишүүдийн байгуулсан Буяныг дэмжих, бузар муугаас урьдчилан сэргийлэх яамнаас тус улсын эмэгтэйчүүдийг өөрийн гэрээс 72 км-ээс илүү зайд бараа болох хүнгүйгээр явахыг хориглосон байна.

“72 км-ээс илүү зайд явж байгаа эмэгтэйчүүдийг гэр бүлийн ойр дотнын гишүүн тэр дундаа эрэгтэй хүн дагалдаж явах ёстой. Хэрвээ ганцаараа явж байвал хатуу шийтгэл ногдуулна” гэж “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн такси, нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг хижаб буюу толгойн алчуур зүүгээгүй эмэгтэйчүүдэд үйлчлэхийг хоригложээ. Хэдхэн долоо хоногийн өмнө тус яам Афганистаны телевизийн сувгуудаас эмэгтэй жүжигчдийн тоглосон олон ангит кино, жүжиг үзүүлэхээ зогсоохыг хүссэн бөгөөд телевизийн эмэгтэй сэтгүүлчдийг телевизэд ажиллаж байхдаа хижаб зүүхийг уриалжээ. Тэгвэл олон улсын байгууллагууд болон хандивлагч орнууд Афганистанд санхүүгийн тусламж үзүүлэхээсээ өмнө эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, хамгаалахыг уриалаад байна.