Ойрын өдрүүдэд агаарын бохирдол “маш их бохирдолтой” түвшинд хүрч, хотын захын гэр хорооллын хэсгээр үзэгдэх орчин хязгаарлагдаад байна. Хэдийгээр сайжруулсан шахмал түлшний чанарыг өмнөх жилийн стандарттай ижил байна гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа ч агаарын бохирдлыг өнгөрсөн онтой харьцуулахад нүдэнд илт байдлаар өссөнд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэтэл ердийн зууханд сайжруулсан шахмал түлш түлж байгаа нь агаар бохирдуулагч эх үүсвэр болж байгаагаас гадна угаарын хордлого болох шалтгаан болж байгаа гэж мэргэжлийнхэн онцоллоо.
Жилийн энэ үеүдэд агаарын бохирдлын түвшин маш их бохирдолтойд хүрч, иргэд хорт утаанаас сэргийлэх амны хаалт зүүдэг байсан. Харин жилийн өмнө сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдолд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, агаар дахь нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцрын хэмжээ буурсан гэх таатай мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байв. Харин энэ жил иргэд өнгөрсөн оныхтой ижил үр дүнг хүлээсэн ч энэ жил агаарын бохирдол нүдэнд илт үзэгдэхүйц, амьсгалах агаарт мэдрэгдэхүйц түвшинд хүрээд байна. Үүний 1-р шалтгааныг цаг агаартай холбон тайлбарлав.
Гадны байгууллагын дэмжлэгтэйгээр нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 55 хувь нь хорт утаа бага ялгаруулдаг, утаа багатай зуух нэвтрүүлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар нийслэлд 195.992 ердийн зуух буюу уламжлалт зуух тоологджээ. Өөрөөр хэлбэл иргэд сайжруулсан зуухаа ердийн зуухаар сольсон нь агаар бохирдуулагч эх үүсвэр болж байгааг онцлов.
Ямартаа ч мэргэжлийн байгууллагаас мэдээлснээр энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлж байгаа иргэдийг буруутгах хандлагатай байна. Гэтэл өнгөрсөн жилийн өдийд ийм зүйл яригдаж байсангүй. Дээрээс нь одоо дахин зуух сайжруулахтай холбоотой асуудлыг сөхөх болов. Гэтэл нийслэлчүүдэд утаа гаргах бус утаанаас ангижрах бодлого хэрэгтэй. Энэ байдлаараа үргэлж бусад асуудлаас агаарын бохирдлын шалтгааныг хайсаар байх уу...