Японы засгийн газар ганцаардлын бэрхшээлийг арилгах, ийм асуудлаар өдөр бүр зөвлөгөө өгөх тогтолцоо бий болгох зорилготой хөтөлбөрийг өнгөрөгч мягмар гарагт баталжээ. Япон улсын засгийн газраас ганц бие хүмүүс аажмаар харилцаанд оролцож, ажил эрхлэх боломжийг олж авах платформуудыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Японы олон нийтийн телевизээр мэдээлснээр, Японы засгийн газар ганц бие хүмүүсийн тоог гаргаж, тэдэнд туслах зорилгоор орон даяар тооллого явуулахаар төлөвлөжээ. Тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ асуудлыг хариуцсан тусдаа яам байгуулагдсан талаар бид өмнө мэдээлээд байсан юм. Түүнчлэн өнгөрсөн 2-р сард ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг бий болгосон бөгөөд одоо энэ албан тушаалыг төрөлт, бүс нутгийн асуудал хариуцсан сайд Нода Сэйко давхар хашиж байгаа юм байна. Японд ганцаардлын асуудал амиа хорлолттой салшгүй холбоотой. 2020 онд амиа хорлолтын тоо сүүлийн 11 жилд анх удаа өссөн байна. Өнгөрсөн онд 21 мянга гаруй хүн амиа хорлосон нь өмнөх оныхоос 912-оор нэмэгдсэн үзүүлэлт юм байна. 2019 онд тус улс 1978 оноос ийм төрлийн статистик хөтөлж эхэлснээс хойш хамгийн бага амиа хорлолт бүртгэгдсэн байна. Амиа хорлолтын тоо арван жил дараалан буурсан ч “ковид-19”-ийн халдварын үед нэмэгджээ.