Энэ жил дэлхий дахинд хамгийн их гарз хохирол учруулсан байгалийн гамшигт 10 үзэгдлийг Их Британийн төрийн бус байгууллага “Christian Aid”-аас нэрлэсэн байна. Тус байгууллагын жил бүр гаргадаг тайланд дурдсанаар тэдгээр байгалийн гамшигт үзэгдлүүдийн хор уршгаар улс орнууд нийтдээ 170 тэрбум ам.долларын хохирол амссан байна.
“Christian Aid” байгууллагын жил тутам гаргадаг тайланд дурдсанаар, байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оноос өссөн нь дэлхийн дулаарлын үр дагавар улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн тэдгээр байгалийн гамшгийн улмаас 1075 хүн амь насаа алдаж, 1.3 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 2020 оны хувьд хамгийн их аюул дагуулсан 10 гамшигт үзэгдэл ойролцоогоор 150 тэрбум ам.долларын хохирол учруулсан юм. Харин энэ онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлүүдээс наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр АНУ-д дэгдсэн “Айда” хар салхи хамгийн их гарз хохирол учруулсан байна. Нью-Йорк хотыг үерт живүүлсэн уг хар салхины улмаас нийтдээ 65 тэрбум ам.долларын хохирлыг тус бүс нутгийн иргэд амссан байна.
Харин өнгөрөгч 7-р сард Герман, Бельги болон хөрш орнуудад нь нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас 43 тэрбум ам.доллар, АНУ-ын Техас муж улсын өмнөд хэсгийг дайран өнгөрч, цахилгаан хангамжийг тасалдуулсан шуурга 23 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна. Мөн Хятадын Хэнань мужид 7-р сард болсон үер 17.6 тэрбум ам.долларын уршиг дагуулсан бол түүний араас Канадад болсон үер 7.5 тэрбум ам.доллароор хэмжигдэх хохирол учруулсан байна.
Тэгвэл энэ сарын дундуур Швейцарын “Свисс Рей” даатгалын компани 2021 онд дэлхийн хэмжээнд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн нийт хохирлыг 250 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон нь 2020 оныхоос 24 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, үр дагаврыг улам бүр нэмэгдүүлж байна гэж эрдэмтэд үзэж байна.