“Ковид-19”-ийн халдварын омикрон хувилбарын тархалт АНУ-д эрчимжиж байгаа ч хорио цээрийн хатуу дэглэмгүй амьдралд шилжих цаг ойрхон байгааг тус улсын халдварт өвчин судлалын ахлах мэргэжилтэн мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены анагаах ухааны зөвлөх, доктор Энтони Фаучигийн мэдэгдсэнээр, “ковид-19”-ийн халдварын вирус бүрэн устаж алга болохгүй ч нийгэм, эдийн засгийн амьдралд саад учруулахгүй хэмжээнд удахгүй хүрэх боломжтой байна. Хэвийн амьдралд шилжихэд хэдхэн сарын хугацаа үлдсэн гэж тэрбээр өчигдөр цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Өмнөд Африк, Их Британи, Япон, Хонконг, АНУ-д сүүлд хийсэн судалгаануудаас омикрон хувилбар “ковид-19”-ийн халдварын бусад хувилбаруудаас халдварлах чадвар өндөр ч харьцангуй бага хоруу чанартай нь улам бүр батлагдаж байгааг Энтони Фаучи тайлбарласан байна. Тодруулбал, энэ долоо хоногийн мягмар гарагт нийтлэгдсэн өмнөд Африкийн судалгааны тайланд дельта хувилбараар өвчилж хүндэрсэн 100 хүн тутмын 21.3 нь нас барж байсан бол омикроны хувьд 4.5 байгааг олж тогтоожээ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд АНУ-д өдөрт дунджаар 240,000 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хэдийгээр өвчлөл хурдтай нэмэгдэж байгаа ч Байдены засаг захиргаа зул сарын баяраар ямар нэг хорио цээрийн дэглэм зарлаагүй юм. Үүнээс гадна халдвар авсан хүмүүсийн тусгаарлалтын хугацааг 10-аас 5 хоног болгон бууруулах шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан байна.