БНХАУ-ын засгийн газар 2021 оны онцлох үйл явдлуудыг нэрлэжээ

Дэлхийн улс орнууд улиран өнгөрч буй 2021 онд дотоодод болон гадаадад болсон онцлох үйл явдлуудыг дүгнэж байна. Тэгвэл БНХАУ-ын засгийн газар 2021 онд дотооддоо болсон чухал үйл явдлаар Хятадын коммунист намын 100 жил болон эдийн засгийн өсөлт гэх мэт хэд хэдэн чухал үйл явдлын онцолжээ.

2021 оны 7 дугаар сарын 1-нд хятадын коммунист нам 100 жилийн ойгоо сүр дуулиантайгаар тэмдэглэсэн. Хятадын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, цэргийн төв зөвлөлийн дарга бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин намынхаа түүхт ойд зориулсан ёслолын үеэр үг хэлэхдээ “Хятад улс анхдугаар зууны зорилт буюу бүх талаараа цэцэглэн хөгжсөн чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлох зорилтоо биелүүллээ. Өөрөөр хэлбэл бид үгээгүй ядуурлыг үндсээр нь устгасан түүхэн амжилтад хүрлээ. Одоо бид Хятад улсыг орчин үеийн аугаа социалист гүрэн болгох хоёрдугаар зууны зорилт руугаа орж байна” гэсэн байна. Уг хурлын үеэр Хятадын коммунист намын өнгөрсөн 100 жилийн хугацаан дахь томоохон ололт амжилт, түүхэн туршлагаа нэгтгэн дүгнэж, Ши Жиньпиний улс төрийн байр суурийг бататгасан нэгэн түүхэн тогтоолыг баталсан юм. Уг түүхэн тогтоолд “Нөхөр Ши Жиньпиний үндсэн байр суурийг намын төв хороо болон намын “гол цөм” гэж тогтоож, Ши Жиньпинийг шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл баримтлалыг удирдан чиглүүлэгчээр тодорхойлж байна” гэж түүний эрх мэдлийг хязгааргүйгээр тогтоожээ. Ингэснээр Ши Жиньпин нь байр суурь, нэр хүндийн хувьд Мао Зэдун болон Дэн Сяопинтай эн зэрэгцсэн гэж шинжээчид мэдэгдсэн байна.

Тэгвэл 2021 он нь Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт болон орчин үеийн аугаа социалист орон болж хөгжих зорилтод хүрэх их аяллынх нь эхлэл учир Хятадын эдийн засгийн үзүүлэлт олон улсын анхаарлын төвд байгаа. Албан ёсны статистик мэдээнээс үзвэл, 2021 эхний гурван улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 9.8 хувиар өссөнөөр эдийн засгаа 6 хувиар өсгөх зорилтыг хол давсан гэж эдийн засгийн шинжээчид мэдэгдсэн байна. "Ковид-19"-ийн цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, сэргэлт удаашралтай байгаа боловч Хятад улс цар тахлын сөрөг нөлөөнөөс хамгийн түрүүнд гарч чадсан улс болж, эдийн засаг нь тогтвортой тэлж, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлтэд түлхэц болж байгаа юм. 

 

Тэгвэл энэ оны 4 дүгээр сарын 29-нд Хятад улс “Тяньхэ” хэмээх сансрын станцынхаа үндсэн модулийг тойрог замд гаргаснаар ирэх оны эцэс гэхэд өөрийн сансрын станцын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах зорилтод хүрэх ажлаа эрчимжүүлсэн юм. Үүнээс гадна БНХАУ-ын Сансар судлалын агентлаг анхны сансрын станцынхаа үндсэн модулийг хөөргөсөн зэрэг үйл явдлууд багтжээ.