Шинэ жилийн баярын өдрүүдэд бялуу, кремтэй бүтээгдэхүүнийг хаяг шошго наахгүй, огноо тавиулахгүй зориулалтын бус тээврийн хэрэгслээр хөдөө орон нутаг руу тээвэрлэдэг зөрчлүүд нэмэгджээ. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүн авахдаа гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн газраас худалдан авахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Баярын өдрүүдэд хүнсний худалдаа, үйлдвэрлэл болон хүлээн авалт зохион байгуулж буй үйлчилгээний газруудад МХЕГ-аас хяналт шалгалт хийж байна. Энэ сар гарснаас хойш нийтдээ 395 ААН-д шалгалт хийхэд чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн, үйлдвэрлэлийн огноог тавиагүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдаалах, зэрэг олон төрлийн зөрчил илэрчээ.
Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд хоолны хордлогод орох нь нэмэгддэг байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах, өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авахыг зөвлөж байна.
Зөрчил гаргасан ААН-үүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Харин зөрчлийг удаа дараа гаргавал хариуцлага тооцох юм байна.