2022 оны улсын төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн тул төсөвт тодотгол хийх шаардлагатай

Энэ оны эцсийн байдлаар Монгол улсын эдийн засгийн өсөлт 4.5 хувьд хүрч, цар тахлын нөхцөл байдлын улмаас төсөөлсөн өсөлтдөө хараахан хүрч чадсангүй. Ирэх онд ч 2021 оны өсөлтөөс илүү гарахгүй гэсэн төсөөллийг эдийн засагчид мэдэгдээд эхэлсэн. Мөн 2022 оны улсын төсвийг хэт өөдрөг төсөөлсөн тул төсөвт зайлшгүй тодотгол хийх болов уу гэсэн хүлээлттэй байна. 

Олон улсын эдийн засаг сэргэж, түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт их байгаа нь экспортын цэвэр орлогыг нэмэгдүүлэхээс гадна вакцинжуулалт эерэг үр дүн авчирна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаагаа ОУ-ын банк, санхүүгийн байгууллагууд мэдэгдсэн. Гэхдээ цар тахлын шинэ хувилбаруудын нөлөөгөөр эдийн засаг агшиж, 6.1 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй эдийн засгийн өсөлт өнөөдрийн байдлаар 4.5 хувьтай байна. 2022 онд ч энэ өсөлтөөс илүү гарахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

2022 онд улсын төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн гэж эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байгаа. Тодруулбал 15.7 их наяд төгрөгийн орлого олж, 18 их наяд төгрөгийн зарлага гаргана гэх. Тэр тусмаа уул уурхайн экспортын төсөөллөөр 36.7 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Гэтэл 2021 оны төсвийн тодотголоор 28.6 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч оны эхний 11 сарын байдлаар 50 хувьдаа ч хүрч чадаагүй. 2022 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас экспортын орлого төлөвлөсөндөө хүрч чадахгүй эрсдэлтэй тул хэт өөдрөг төсөөлсөн 2022 оны улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай гэлээ.