Индонезийн засгийн газар нүүрсний экспортоо түр хугацаагаар зогсоожээ

Индонез улс нь дэлхий дахинд түүхий нүүрсний экспортоор Австрали улсын дараа орох томоохон нийлүүлэгч бөгөөд хамгийн том худалдан авагч нь БНХАУ юм. Тэгвэл цахилгаан станцуудад нь үүсэж болзошгүй хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Индонезийн засгийн газраас 1-р сарыг дуустал нүүрсний экспортоо зогсоохоор болсон тухайгаа мэдэгдсэн байна. 

Индонез улс зөвхөн 2020 онд гэхэд л 400 сая тонн нүүрс экспортолжээ. Индонезын нүүрс олборлогчид тухайн жилийнхээ нийт олборлолтынхоо 25 хувийг зах зээлийн үнээс хямд үнээр Индонезийн төрийн өмчит цахилгаан эрчим хүчний компанид нийлүүлэх үүрэгтэй байдаг юм байна. Тэгвэл Индонезын эрчим хүчний яам нүүрсний экспортыг нэг сарын турш зогсоож, дотоодын нийлүүлэлтдээ төвлөрүүлэхгүй бол цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд саатал гарахаар байгаа талаар мэдэгдсэн бөгөөд тус улсын нүүрс олборлогч компаниудын зүгээс засгийн газрын энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, нийлүүлэлтэд тасалдал үүсгэснээр худалдан авагч орнууд нь Орос, Австрали, Монгол зэрэг улсуудаас нийлүүлтээ хангаж Индонезын нэр хүнд унана гэж тэд үзэж байгаа юм. Өнгөрсөн оны 8-р сард Индонезын засгийн газар дотоод нийлүүлэлтийнхээ үүргийг биелүүлэхгүй байгаа 34 олборлогчийн экспортыг мөн хориглож байжээ.