Тээврийн зардлын өсөлтөөс шалтгаалж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна

БНХАУ-ын Эрээн боомтын үйл ажиллагаа хэвийн байхад нэг машинд ачих ачаа, барааны тээврийн зардал 4 сая төгрөг байсан. Тэгвэл цар тахлаас шалтгаалж өнгөрөгч оны 4-р сараас эхлэн тасралтгүй нэмэгдсээр өнөөдрийн байдлаар нэг машинд ачих ачаа, барааны тээврийн зардал 60 саяд хүрээд байна. Тээврийн зардал ийнхүү огцом нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна.

Хил гаалийн асуудал хэвийн байхад худалдаа эрхлэгчид 1 метр куб ачааны тээврийн зардалд дунджаар 800 юань төлдөг байсан. Харин одоо 1 метр куб ачааны тээврийн зардал 2000 юань болтлоо өсөөд байна. Эрээн боомтод гацсан ачаа бараагаа татаж авахын тулд худалдаа эрхлэгчид тээврийн зардалп өндөр үнэ төлсөөр байна. Иймээс худалдаалж буй бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрч байгаагаа худалдаа эрхлэгчид хэлж байна.

Мөн ачаа барааг чингэлгээр тээвэрлэдэг болсноор өмнө нь 1 машинд багтдаг байсан ачаа 2-оос 3 чингэлэгт багтахаар байгаа юм. Одоогоор чингэлгийн үнийг БНХАУ-ын талтай тохироогүй ч тээврийн зардал өсөх магадлалтай гэлээ.

Өнөөдрийн байдлаар Эрээн боомтоос хэзээ чингэлгээр ачаа тээвэрлэх эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж тээврийн үнийг тогтвортой болгох хэрэгтэйг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.