Өнгөрсөн хугацаанд 739 мянган айл өрхөд 724 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц эрчим хүчний хөнгөлөлтийг үзүүлжээ

2020 оны 12-р сараас эхлэн нийтдээ 13 сарын турш бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн хог, ус, хэрэглээний эрчим хүч, дулаан хангамжийн төлбөрийг “эрдэнэт” үйлдвэрийн ашгаас төлж байгаа. Энэхүү хөнгөлөлттэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

  • 2020 оны 12-р сараас 2021 оны 12-р сар хүртэл 739 мянган айл өрхөд 724 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц эрчим хүчний хөнгөлөлтийг үзүүлжээ.
  • Мөн тэдгээр өрхүүдэд 300 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц ус, дулааны хөнгөлөлтийг үзүүлснээр айл өрхүүдэд нийтдээ 1 их наяд төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна.
  • Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд 20 мянган ААН-д 356 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлтийг үзүүлээд байна.

Тэгвэл цар тахлын тухай хуулийг үргэлжлүүлэн сунгаснаар 2022 оны 1-р сарын 1-ээс 5-р сарын 31 хүртэл айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг тодорхой хязгаартайгаар төр даахаар шийдвэрлээд байна.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг багасгах зорилгоор 2020 оны 12-р сараас 2021 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд айл өрх, албан байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүн, дулааны уур, хог усны төлбөрийг төрөөс бүрэн хариуцах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу айл, өрх, ААН-үүдийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнээс үүдсэн эрчим хүчний салбарт ачааллыг багасгах зорилгоор өнгөрсөн хугацаанд өмнө жилийн хэрэглээтэй харьцуулан илүү хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг айл өрхүүдээр төлүүлж байсан.

Тэгвэл цар тахлын тухай хуулийн хүрээнд энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 31-ний өдрийг хүртэл зөвхөн айл өрхийн цахилгааны хэрэглээг даах бол ус, дулаан болон аж ахуйн нэгжүүдийн тог цахилгааны төлбөрийн хөнгөлөлт өнгөрөгч сарын 31-ээр дуусгавар болсон. Ингэхдээ гэр хорооллын айл 350 квт, орон сууцны айл 250 квт-аас дээш цахилгааны хэрэглээгээ өөрсдөө төлнө. Тухайн хөнгөлөлтөөр нийт айл, өрхийн 73 хувь нь цахилгаанаа бүрэн төлүүлэх боломжтойг эрчим хүчний сайд онцоллоо. 

Өнгөрөгч 2021 онд гэхэд л эрчим хүчний салбар 92 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Тиймээс эрчим хүчний салбарын алдагдлыг арилгахын тулд төрөөс айл өрхүүдэд үзүүлж буй хөнгөлөлтийн хугацаа дуусахаар эрчим хүчний төлбөрийг хамгийн багадаа 20 хувиар нэмэх шаардлагатайг эрчим хүчний зохицуулах хорооноос хэлж байна.

Цаашид айл, өрхийн зөвхөн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхэд 73 тэрбум төгрөг шаардлагатай байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрөөс энэхүү хөнгөлөлтийн санхүүжилтийг гаргах юм байна.