Цөмийн зэвсэгтэй томоохон гүрнүүд хамтарсан мэдэгдэл гаргажээ

Цөмийн хэрэглээтэй таван гүрэн болох ОХУ, БНХАУ, Их Британи, АНУ, Бүгд найрамдах Франц улсын удирдагчид цөмийн дайнаас сэргийлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс зайлсхийх тухай хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг “Ройтерс” агентлаг бүрэн эхээр нь уламжилсан байна. Түүнчлэн Кремль, Цагаан ордон, БНХАУ-ын засгийн газрын албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна.

Дээрх таван орны удирдагчид "Цөмийн зэвсэгтэй улсуудын хооронд дайн гарахаас урьдчилан сэргийлэх, стратегийн эрсдэлийг бууруулахыг үндсэн үүргээ гэж үзэж байгааг" мэдэгдэлдээ онцолсон байна. “Цөмийн дайнд ялагч байх боломжгүй бөгөөд хэзээ ч гарах ёсгүй гэдгийг бид мэдэгдэж байна. Цөмийн зэвсэг хэрэглэх нь асар их хор, уршиг дагуулах тул цөмийн зэвсэг байсаар байгаа цагт зөвхөн улс орныхоо аюулгүй байдлын төлөө хамгаалалтын зорилгоор ашиглаж, түрэмгийллийг тогтоон барьж, дайнаас сэргийлэх ёстой гэдгийг үүгээр нотолж байна” хэмээн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Тэгвэл судлаачид “Цөмийн зэвсгийг олон улсад түгээн дэлгэрүүлэхгүй байх”, “зэвсэг хураах, хяналт тавих” тухай хоёр болон олон талт гэрээ хэлэлцээр, ялангуяа цөмийн зэвсгийг “үл дэлгэрүүлэх” гэрээг дагаж мөрдөхийн чухлыг хамтарсан мэдэгдлээрээ нотлосон гэж үзсэн байна. Цөмийн таван гүрний удирдагчид эцэст нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд бүх улс оронтой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ.