Энэ онд инфляц одоогийн түвшнээс нэмэгдэх эрсдэлтэй байна

Жилийн өмнөх үетэй харьцуулахад төгрөгтэй харьцах америк доллартай ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байлаа. Гэсэн ч 2021 оны 11-р сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотод 10 хувьд хүрч, хил, гааль хаалттай байснаар шатахуун, махны үнийн өсөлт, түүний дам нөлөө нь инфляцыг өсгөх нөлөө үзүүлсэн. 

Гэтэл өнгөрсөн хугацаанд иргэдийн гар дээр авах цалин нэмэгдээгүй. Инфляцын нөлөөгөөр иргэдийн орлого 10 хувиар хумигдлаа. Энэ цаг үед инфляц энэ байдлаараа өсвөл амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхүүд ядууралд өртөхөд ойрхон байгааг эдийн засагч анхаарууллаа. Дээрээс нь өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс 5 сарын хугацаанд даах арга хэмжээг авахаар болсон ч иргэдийн халаасан дахь мөнгөний ханш унасаар байгаа энэ үед төдийлөн үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй юм байна. 

Төв банкны инфляцын тайлангаар цаашид хилийн хязгаарлалтын нөхцөл байдал даамжирвал эдийн засгийн сэргэлт удааширч, инфляц удаан хугацаанд үргэлжилж, одоогийн түвшнээс нэмэгдэх эрсдэлтэй байгаа юм байна.