2021 онд Испани руу дүрвэх оролдлого хийсэн нийт 4400 гаруй цагаач иргэн далайн усанд живж золгүйгээр амиа алдсан талаар “Walking Borders” хилийн хяналтын байгууллагаас өчигдөр мэдэгдсэн байна. Уг үзүүлэлт нь 2020 онтой харьцуулахад хоёр дахин олон байна гэдгийг тус байгууллага мэдэгдэлдээ онцолсон байна.
Амиа алдсан цагаач иргэдийн 200 гаруй нь хүүхэд байсан талаар хилийн хяналтын байгууллага мэдэгдэлдээ дурджээ. Хилийн хяналтын байгууллагаас цагаачид амиа алдаж байгаа гол шалтгаан нь тэд чанаргүй завиар зорчиж байгаатай холбон тайлбарласан байна. Түүнчлэн далайд загасчилж яваа болон ачаа тээврийн хөлөг онгоцууд цагаачдад туслахаас зайлсхийж, хүнлэг бус үйлдэл гаргадаг хэмээн мэдэгдсэн байна. Үүний улмаас олон тооны цагаач иргэд амь насаа алдсаар байгаа бөгөөд цаашид усан хилийн хяналтын үйл ажиллагаагаа сайжруулахыг тус байгууллагаас дэлхийн улс орнуудад уриалсан байна. Хилийн хяналтын байгууллагаас уг тооцооллыг гаргахдаа цагаачид далайд дор хаяж нэг сарын турш сураггүй алга болсон тохиолдолд нас барсанд тооцож байгаа юм байна. Амиа алдсан цагаач иргэдийн 95 орчим хувь нь далайн тээврээр зорчих үедээ сураггүй алга болсон хүмүүс байжээ.