Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсчээ

Нефть олборлогч томоохон орнууд ирэх сард олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсоны дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өнгөрөгч лхагва гарагт өсчээ. Тодруулбал, Нью-Йоркийн хөрөнгийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 91 цент буюу 1.2 хувиар өсөж, 77 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Брент” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх үнэ 1.2 ам.доллар буюу 1.3 хувиар өсөж, 80 ам.долларт хүрчээ. 

Нефть олборлогч орнуудын байгууллага буюу Опек болон түүний холбоотнууд өнгөрөгч лхагва гарагт цахимаар хуралдаж, ирэх хоёрдугаар сард өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 400 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Улс орнуудад эрчим хүчний хямрал нүүрлэж, инфляц эрчимжихтэй зэрэгцээд газрын тосны үнэ энэ онд олон жилийн дээд цэгт хүрч өснө гэж мэргэжилтнүүд хэдийн мэдэгдээд байгаа юм.