Өнгөрөгч лхагва гарагт Казахстан улсад үүсээд байгаа нөхцөл байдал хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар авсан байна. Шинэ оны эхний өдрөөс тус улсад шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин өссөн нь жагсаал, тэмцэл эхлэхэд хүргэсэн гэж тус улсад ажиллаж байгаа “Ройтерс” агентлагийн сэтгүүлч мэдээлжээ.
Гэвч энэ тэмцэл сүүлдээ улс төржиж, эрх баригчдын эсрэг бослого болж хувирсан байна. Казахстаны хэд хэдэн хотод босогчид засгийн газрын байруудыг галдан шатааж, цэрэг цагдаагийн хүчтэй цуст мөргөлдөөн үүсгэжээ. Лхагва гарагийн өглөө тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев тэмцэгчдийн шаардлагыг хүлээн авч, засгийн газраа огцруулсан юм байна. Ерөнхийлөгч Токаев шинэ танхим байгуулагдах хүртэл шадар сайд Алихан Смайловыг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Уг шийдвэрийн дараа нөхцөл байдал сайжралгүй, улам дордсон гэж тус улсын иргэд мэдээлсэн байна. Мягмар гарагт Токаев зарим бүс нутагт хэсэгчлэн онц байдал зарлаад байсан бол өчигдөр орон даяар болгож өргөжүүлжээ.
Лхагва гарагийн орой тарсан мэдээллээс үзвэл Токаев ОХУ тэргүүтэй хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас цэргийн тусламж хүссэн байна.
“Өөрийн улсын түншүүддээ хандах нь зүйтэй, цаг нь болсон гэж би үзэж байна” гэж Токаев хэлснийг албаны эх сурвалжууд дамжуулжээ.
Казахстаны хамгийн том хот Алматын ойролцоо тус улсын зэвсэгт хүчний анги террористуудтай ширүүн тулаан хийж буй тухай Токаев энэ үеэр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр террористууд нь гадаадад бэлтгэгдсэн этгээдүүд байгаа гэсэн байна. Лхагва гарагийн орой ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Токаев өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалыг өөртөө шилжүүлж, эрх мэдлээ өргөжүүлснийг зарлажээ.
“Төрийн тэргүүнээс гадна үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болсныхоо хувьд би одооноос эхлэн үймээн самууны эсрэг хатуу арга хэмжээ авах болно” гэж тэр анхааруулсан байна. Токаев бас улс оронд нь ямар ч зүйл тохиолдсон нийслэл Нур-Султанаас явахгүйгээ ард иргэддээ амласан байна.