2019 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл энэ жилээс 100 хувь төрийн мэдэлд шилжсэн. Ингэснээр энэ төрлийн бизнес эрхэлдэг цөөн тооны хувийн компаниуд бүгд хаалгаа барьжээ. Өөрөөр хэлбэл сайжруулсан түлшний технологи чөлөөт зах зээлийн өрсөлдөөний зарчмаар сайжрах боломж байхгүй байгаа тул агаарын бохирдлын асуудал ч шийдэгдэхгүй байна гэж үзэж байна.
Утааг багасгах гол арга хэмжээ болгон хэрэглэж байгаа сайжруулсан түлшний технологийг сайжруулах тал дээр дотоодын үйлдвэрлэгчид, мэргэжлийн судлаач эрдэмтдээс санал, санаачлага хүлээж авдаг эсэхийг тодруулахад “Таван толгой түлш” компанид хэд хэдэн дотоодын компаниас түлшний барьцалдуулагч нийлүүлэх санал ирсэн гэж мэдээлжээ.
Өнгөрөгч 10-р сарын 13-ний засгийн газрын хуралдаанаар “Таван толгой түлш” компанийн 51 хувийн хувьцааг “Эрдэнэс тавантолгой” компанид эзэмшүүлэхээр тогтсон. Уг шийдвэр хэрэгжсэнээр түлшний үйлдвэрлэлд “Эрдэнэс тавантолгой” компани хяналт тавьж оролцох боломж бүрдэх юм байна. Ингэснээр сайжруулсан шахмал түлшний чанарт ч өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байна.