Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны 12-р сард 13.4 хувь болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь талх, сүү, мах хүнсний ногоо зэрэг хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд холбоотой гэж ҮСХ үзэж байна. Тэгвэл урд урдах жилүүдийн инфляцын түвшнийг харьцуулан харцгаая.
- Тухайлбал, 2018 оны 12 дугаар сард инфляцын түвшин 8.1 хувь, 2019 оны 12 дугаар сард 5.2 хувь байсан бол 2020 оны 12 дугаар сард 2.3 хувь байжээ.
- Харин 2021 оны 12 дугаар сард түүхэн дээд хэмжээнд буюу 13.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 11.1 нэгж хувиар нэмэгдсэн байна.
- Инфляц ойрын жилүүдэд байгаагүйгээр ингэж өсөхөд хүнсний барааны бүлгийн үнэ бүхэлдээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 18.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна.
- Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн 24.2 хувиар, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.9 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Инфляцын түвшин 13.4 хувь болон нэмэгдсэний 5.6 нэгж буюу 41.8 хувь нь талх, сүү, мах хүнсний ногоо зэрэг бусад хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. 2021 оны 12 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 48.6 хувь буюу 167 бараа, үйлчилгээний үнэ өсжээ.
Жишээ татахад, Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2021 оны 12 дугаар сард 15430 төгрөг болж, 2018 оны 12 дугаар сараас 54.3 хувь, 2019 оны 12 дугаар сараас 31.4 хувь, 2020 оны 12 дугаар сараас 22.9 хувиар буюу 2879 төгрөг, өмнөх сараас 440 төгрөгөөр тус тус өссөн байна. Харин хонины ястай 1 кг махны дундаж үнэ 2021 оны 12 дугаар сард 10846 төгрөг болж, 2018 оны 12 дугаар сараас 62.1 хувь, 2019 оны 12 дугаар сараас 44.9 хувь, 2020 оны 12 дугаар сараас 26.4 хувь буюу 2267 төгрөгөөр, өмнөх сараас 0.7 хувь буюу 73 төгрөгөөр тус тус өссөн байна.
Түүнчлэн инфляцын өсөлтөд хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна импортын бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнэ, түлшний модны үнэ зэрэг нөлөөлжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг ҮСХ-оос өглөө.