Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө

Өчигдөр буюу мягмар гарагт олон улсын хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед “Brent” маркийн нэг торх газрын тосны үнэ 1 хувиар өсөж 87 ам.долларт хүрчээ. Мөн “Витиай” маркийн газрын тосны үнэ 84.5 ам.долларт хүрч 1.5 хувиар өссөн байна. 

Улмаар газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаа 84 ам.доллар давсан нь энэ юм. “Ковид-19”-ийн халдварын улмаас газрын тосны эрэлт буурсантай холбоотойгоор “ОПЕК” буюу газрын тос экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд өнгөрсөн оны 5-р сараас хойш олборлолтоо нэг өдөрт 9 сая торхоор бууруулаад байгаа юм. Зах зээлийн байдал тогтворжихын хэрээр арилжааны гэрээнд шинэчлэл хийж 2021 оны 8-р сараас хойш тус байгууллагаас олборлолтоо өдөрт 400 мянган торхоор нэмэгдүүлсэн. Гэвч энэ нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад олборлолтоо бага хэмжээнд барьсан хэвээр байгаа үзүүлэлт гэж эдийн засагчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрэлт нэмэгдсэн ч нийлүүлэлтийн түвшин бага хэвээр байгаа нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөлөөд байгаа юм байна.