Франц улсын засгийн газар үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 25-аас доош насны эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн байна. Учир нь тус улсад жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн хэрэглээ сүүлийн 10 жилийн хугацаанд огцом буурч, харин үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна.
Франц улсад 16-25 насны 3 сая эмэгтэйчүүд амьдардаг байна. Харамсалтай нь тэдгээрийн 250 мянга орчим нь жил бүр үр хөндөлт хийлгэдэг талаарх судалгааг эрүүл мэндийн яамнаас гаргасан байна. Түүнчлэн жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох мэс ажилбар буюу үр хөндөлтийн улмаас 5 төрөлт тутмын нэг нь төрөхийн хүндрэлтэй нүүр тулж байгаа бол 30 эмэгтэй тутмын нэг нь дахин жирэмсэн болох магадлал 40 хувиар буурч байгаа талаар Францын эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Харин жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлж, үнэ төлбөргүй болгосноор уг үзүүлэлт буурна гэж эрх баригчид нь үзэж байгаа юм байна. Мөн эмийн гаж нөлөө ирээдүйн ургийн хөгжилд нөлөөлөхгүй гэдгийг эрдэмтдийн зөвлөлөөс нь мэдэгдсэн байна.
Үүнтэй ижил шийдвэрийг Их Британийн засгийн газар 2016 онд гаргасан бөгөөд үр дүнгээ өгөөд байгаа юм байна.