Увс, Завхан, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр Аймаг дотооддоо хязгаарлалт тогтоожээ

Манай улсад “ковид-19”-ийн халдварын омикрон хувилбарын 4 дэх давлагаа эхэлж 1-р сарын сүүлээс эхлэн хоногт 15-20 мянга хүртэлх тохиолдол бүртгэгдэнэ гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байгаа. Тэгвэл зарим аймгууд омикрон хувилбарын тархалтаас сэргийлж хязгаарлалт тогтоож, олон нийтийн үйл ажиллагааг цуцалж, цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдээд байна.  Тухайлбал, Увс, Завхан, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр аймаг одоогоор дотооддоо хязгаарлалт тогтоогоод байна. Тэдгээр аймгууд спорт урлагийн тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглож, зах худалдааны төвийн цагийн хуваарийг багасгах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байх зохицуулалтуудыг хийжээ. Түүнчлэн Дорнод аймагт халдварын тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан нийслэлээс Дорнод аймагт зорчсон иргэдийг 5 хоног гэрт нь тусгаарлах шийдвэрийг гаргажээ.