Цунамигийн аюулын улмаас Япон улсад дахин 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна

Цунамигийн аюулын улмаас Японы 100 мянга орчим иргэн орон нутгийн эрх баригчдаас нүүх заавар авсан тухай “Киодо" агентлаг өнөөдөр мэдээлжээ. Уг заавар нь зүүн хойд Иватэ, Мияги муж, зүүн Чиба, баруун Кочи, мөн баруун өмнөд Кагошима мужийн хэд хэдэн хотын оршин суугчдад хамаарах юм байна. Тэдгээр мужууд нь Номхон далайн эрэгт байрладаг. Эргийн бүс нутгуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн байгалийн гамшигт өртөж болзошгүй бүс нутагт буух, хөөрөх дотоодын 100 гаруй нислэг цуцлагдаад байгаа юм байна. Японы үндэсний цаг уурын алба Тонгагийн вант улсад усан доорх галт уул дэлбэрч эхэлсэнтэй холбогдуулан өнгөрөгч ням гарагаас даваа гарагт шилжих шөнө цунамигийн аюулын түгшүүр зарлажээ. Тус алба өмнө нь 3 метр хүртэл өндөр цунами болох аюулын талаар сэрэмжлүүлэг гаргажээ. Зарим бүс нутагт 2 метр орчим өндөр давлагаа бүртгэгдсэн байна. Мөн Өмнөд Америкийн Перу улсын хойд эрэгт гарсан ер бусын хүчтэй давлагаагаар хоёр эмэгтэй усанд живж, амиа алдсан тухай орон нутгийн онцгой байдлын алба өчигдөр мэдээлжээ.