2021 онд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 8.1 хувиар өссөн байна

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 8.1 хувиар өссөн талаар тус улсын үндэсний статистикийн товчооны дарга Нин Жизе мэдэгдсэн байна. Энэ нь 2011 оноос хойш тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт болжээ. Олон Улсын Валютын сан болон Дэлхийн банкны эдийн засагчид БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өнгөрсөн онд 7 хувиар өсөх таамгийг гаргасан байна. Харин БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 8.1 хувиар өссөн нь тэдний таамгийг 1 хувиар давж, 110 их наяд юан буюу 17.3 их наяд ам.долларт хүрсэн байна. Мөн 2021 онд тус улсын эдийн засаг 2020 онтой харьцуулахад 4 хувиар өссөн байна. Хятад улсын ДНБ 2020 онд 2.3 хувиар, 2021 онд 8.1 хувиар тус тус өссөнөөр эдийн засаг нь өсөлттэй гарсан цорын ганц томоохон эдийн засагтай улс болсон байна. Мөн Хятадын нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 12 мянган ам.долларт хүрснээр нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр Дэлхийн банкнаас тодорхойлсон "Өндөр орлоготой улс"-д ойртсон байна. Tэгвэл БНХАУ-ын үндэсний статистикийн товчооны таамаглаж байгаагаар энэ онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5 хувийн өсөлтийг үзүүлэх төлөвтэй байгаа юм байна. Тэгвэл олон улсын эдийн засагчдын мэдэгдсэнээр, “Хэрвээ сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ковид-19”-ийн халдварын суурь нөлөөг харгалзан үзэлгүйгээр, эдийн засгийн үзүүлэлтийг илүү бодитоор үнэлж дүгнэсэн бол БНХАУ-ын ДНБ, эдийн засгийн өсөлт нь 2020 болон 2021 онд үүнээс ч илүү өсөлтийг үзүүлэх байсан гэж дүгнэсэн байна. Түүнчлэн 2021 онд Хятадын гадаад худалдааны хэмжээ 6.05 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын гадаад худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа 6 их наяд ам.долларын босго давсан үзүүлэлт болжээ.