Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх уок-ын зөвлөмжийг дагахыг уриалж байна

2021 оны 12-р сарын 22-нд Засгийн газраас сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, цагаан сарыг нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан. Тэгвэл гэр бүлийн хүрээ гэдэгт нэг гэрт хамт амьдардаг хүмүүсийг хамруулж ойлгох хэрэгтэй гэж УОК-оос анхаарууллаа. 

УОК, Засгийн газраас сар шинийн баярыг тэмдэглэхгүй гэх дүрэм журам болон шийдвэр албан ёсоор гаргаагүй. Харин манай улсад омикрон хувилбараар үүсгэгдсэн цар тахлын 4 дэх давлагаа эхэлж 1-р сарын дунд үеэс 2-р сарыг дуустал халдварын тархалт эрчимжих тул сар шинийн баярыг нийтээр бус гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэрэгтэйг уриалаад байгаа юм. Засгийн газраас сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсны дараа гэр бүлийн хүрээнд хэнийг хамаатуулах вэ, нэг гэрт амьдардаггүй эмээ өвөө, ах дүү, хамаатан садантайгаа хамт сар шинийн баярыг нийлж тэмдэглэх үү зэрэг олон асуулт иргэдэд урган гарч ирсэн. Тэгвэл УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Нүүдэл шийдэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ гэр бүлийн хүрээ гэдгийг нэг гэрт хамт амьдардаг хүмүүсийг хамруулж ойлгох хэрэгтэй гэж тайлбарласан байна.

Түүнчлэн сар шинийн баярын өдрүүдэд халдварын тохиолдлын оргил үе тохиох учраас иргэдийг цахимаар золголт хийхийг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байгаа юм.