Хязгаарлалт хийх гэж буй аймгуудыг УОК-той зайлшгүй зөвшилцөхийг үүрэг болгожээ

“Ковид-19” цар тахлын халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул Увс, Завхан, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймгууд одоогоор дотооддоо хязгаарлалт тогтоогоод байгаа юм байна. Тэгвэл УОК-ын шуурхай ажлын хэсгийн хурлаар цаашдаа сар шинийн баяртай холбогдуулан хязгаарлалт, хорио тогтоох гэж буй аймгуудын онцгой комиссыг УОК-той зайлшгүй зөвшилцөх үүрэг өгсөн байна. Одоогоор хязгаарлалт тогтоогоод байгаа Увс, Завхан, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр аймгууд спорт урлагийн тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглож, зах худалдааны төвийн цагийн хуваарийг багасгах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байх зохицуулалтуудыг хийгээд байгаа юм. Тэгвэл УОК-ын шуурхай ажлын хэсэг цар тахлын нөхцөл байдлаар аймгуудын онцгой комисстой хуралджээ. Энэ үеэр гамшгийн тухай хууль, засгийн газрын 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд аливаа хязгаарлалт, хорио тогтоох асуудлыг УОК-той зайлшгүй зөвшилцөж урьдчилан мэдэгдэж ажиллахыг тус тус үүрэг болгожээ. Түүнчлэн “Ковид-19”-ийн халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, омикрон хувилбарын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, хүч хэрэгсэл, хүний нөөцийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, бүх шатны хариуцлагыг өндөржүүлэхийг аймгуудын Онцгой комисст даалгажээ.