Хүнсний сүлжээний бүх шатанд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлж, журмыг батлах шаардлагатай

Хүнсний сүлжээний бүх шатанд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлж, журмыг батлах шаардлагатай. Монгол улс гол нэрийн 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа ч импортын хамаарлаас үүдэн хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байна. Өнөөдрийн байдлаар манай улс төрөл бүрийн будаа, ургамлын тос, загасыг 100 хувь импортоор хангадаг бол жимс, жимсгэний 96.4 хувь, хүнсний ногооны 39.3, гурилан бүтээгдэхүүний 35.2, сахар, чихрийн зүйлсийн 34.4 хувийг тус тус импортоор хангаж байна. Гэтэл манай улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин 42.1 хувь буюу “Хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байгаа нь тогтоогджээ. Манай улс импортоос ямар их хэмжээний хамааралтай вэ? гэдэг нь өнгөрсөн 2 сарын хугацаанд БНХАУ-ын хил хаагдсанаар харагдсан. Тиймээс хүнсний бие даасан байдал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байгааг аудитын байгууллагаас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан байна. Мөн хүнсний сүлжээний бүх шатанд тавих хяналтын тогтолцоог өнөөг хүртэл бүрдүүлээгүй нь хүнсний аюулгүй байдлын томоохон асуудал болсныг эх сурвалж хэлж байна. Гүйцэтгэлийн аудитын дагуу холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд зөвлөмж хүргүүлжээ.