Олон улсын аялал жуулчлалын салбар 2024 онд цар тахлын өмнөх үетэй ижил түвшинд хүрнэ

Улс орон бүрд цар тахлын хязгаарлалтын дэглэм, вакцинжуулалтын түвшин, цар тахлын үед аялах итгэл үнэмшил харилцан адилгүй байгаагаас аялал жуулчлалын салбарын сэргэлт жигд бус байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Аялал жуулчлалын салбар 2024 онд цар тахлын өмнөх түвшиндээ эргэн хүрэх төлөвтэй байна гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ.

“Цар тахлын нөлөөгөөр уналтад ороод байсан дэлхийн аялал жуулчлалын салбар 2021 онд аажмаар эргэн сэргэж байна. Гэвч халдварлах чадвар өндөр омикрон хувилбарын халдвар дэлхий даяар тархаж байгаатай холбоотойгоор энэ оны эхэнд дэлхийн аялал жуулчлалын салбар дахин хүнд цохилтод өртөөд байна” гэж мэдээлэлд дурджээ.

Тус байгууллагын мэдээлснээр, 2021 онд Европ, Америк тивийг зорих олон улсын жуулчдын тоо 2020 онтой харьцуулахад 19 болон 17 хувиар нэмэгдсэн бол Ойрхи Дорнодыг зорих олон улсын жуулчдын тоо 24 хувиар буурчээ. Харин Ази, Номхон далайн бүс нутгийг зорих олон улсын жуулчдын тоо өмнөх онд 2020 онтой харьцуулахад хамгийн ихээр буюу 65 хувиар буурсан бол цар тахлын өмнөх үеэс буюу 2019 оноос хойш 94 хувиар буурсан үзүүлэлттэй байна.