Эрүүл мэндийн ажилтнууд илүү цагаар ажилласнаар ядарч сульдан эрүүл мэндээрээ хохирч байна гэв

“Ковид-19”-өөр халдварласан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул Дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлэг зэрэг бүх шатны эмнэлгийн ачаалал эрс нэмэгдээд байна.  Нийслэлийн хэмжээнд 18 эмнэлэгт “ковид-19”-өөр өвдсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа. Тэдгээрийн нэг нь СХД-ийн нэгдсэн эмнэлэг юм. 1-р сар гарснаас хойш энэ эмнэлгийн хүлээн авахад хандах иргэдийн тоо 2 дахин өсөж, нэг эмч ойролцоогоор өдөрт 40 орчим өвчтөн хүлээн авч үзэн илүү цагаар ажиллаж байна.

Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 1-р сарын 17-оос эхлэн “ковид-19”-ийн халдвар ихэссэн учраас 150 ор нэмж дэлгэжээ. 150 оронд 190 “ковид-19”-ийн халдвартай иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл хүний нөөцийн дутмаг байдлаас болж эмч нарын ажлын цаг нэмэгдэж байгаа бөгөөд өвчтөнөө үзэж дуусаад бусад бичиг цаасны ажлаа хийхэд ажлын 8 цаг аль хэдийнээ өнгөрдөг талаараа улаан бүсэд ажилладаг эмч хэлж байна. Эмнэлгийн ачааллаас үүдэн ажилтан, эмч, сувилагч илүү цагаар ажилласнаар ядарч сульдаж эрүүл мэндээрээ хохирох, гэр бүлдээ зарцуулах цаг хомс болсныг хэлж байна.

Тэгвэл нэг талаас  эмч, сувилагч нарын ажлын ачаалал ихэсч, нөгөө талд эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэдийн бухимдал үүсээд байгаа юм байна. Эмнэлгийн ачаалал ийнхүү нэмэгдэж эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон энэ үед удахгүй болох цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг улаан бүсэд ажиллаж буй эмч ажилтнууд уриалж байсан юм.