Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилсон сэтгүүлчийг баривчилжээ

Сэтгүүлч Сэдэф Кабашийг Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилсон хэрэгт буруутган баривчилжээ. Мөн энэ шалтгаанаар Истанбул хотын дээд шүүхээс олон мянган иргэнийг яллагдагчаар татаад байгаа юм байна. 

Турк улсын хуулиар ерөнхийлөгч болон төрийн өндөр дээд албан тушаалтныг доромжилсон хүнд 1-4 жилийн хорих ял оноодог байна. Тэгвэл сэтгүүлч Сэдэф Кабаш нь өөрийн твиттер хуудаснаа, “Үхэр ордонд амьдарсан ч хаан болохгүй, харин ордон малын хашаа болно” хэмээн нэгэн Туркийн хэлц үгийг жиргэсэн юм байна. Улмаар түүнийг Истанбул хотын дээд шүүхээс ерөнхийлөгчийг доромжилсон хэрэгт буруутган, баривчилсан байна. Тэгвэл турк улсад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар “Daily Mail” агентлагийн сэтгүүлч олон хүнээр жишээ татан мэдээлсэн байна.

Тодруулбал, 2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын хүрэл медальт хөлбөмбөгчин, Турк улсын иргэн Хакан Шукюр нь 2014 онд өөрийн улсын эрх баригч намын удирдлагуудыг хүчтэй шүүмжилж, үг хэл, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө гэр бүлийн хамт шоронд хоригдсон байна. Харин 2016 онд шоронгоос суллагдсаныхаа дараа АНУ руу дүрвэсэн бөгөөд Турк улсын засгийн газар түүний бүх өмч хөрөнгийг хураан авч, түүнийг урвагч хэмээн нэрлэж, Турк улсад дахин нэвтрэх эрхгүй болгожээ. 

Өөр нэгэн харамсалтай жишээ бол АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бостон Селтикс багийн тамирчин Энес Кантер юм. Тэрбээр 2013 онд АНУ-д амьдарч эхэлснээр хүний эрхийн талаар ойлголт нь хэрхэн үнэ цэнэтэй гэдгийг ойлгож, Турк улсад хэрхэн шударга бус нийгэм оршиж байгаа талаар шүүмжилж эхэлсэн байна. Улмаар түүний гэр бүлийг 2018 онд шоронд хорьсон бөгөөд түүнийг мөн эх орондоо нэвтрэх эрхгүй болгожээ. Түүнчлэн Турк улсын тагнуулын албаны ажилчид хэд хэдэн удаа Энес Кантерыг хулгайлах оролдлого хийсэн талаар АНУ-ын холбооны мөрдөх товчоо, тагнуулын албанаас мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан олон улсын хүний эрхийн байгууллагууд хамтран хүчтэй тэмцэл явуулсны үр дүнд тэрбээр гэр бүлтэйгээ АНУ-д амьдарч байгаа юм байна. 

Режеп Тайип Эрдоган 2013 онд Турк улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 160 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага хаалгаа барьсан бол 12 мянган хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шоронд хорьсон талаар судалгааг НҮБ-ын хүний эрхийг хамгаалах төвөөс гаргажээ.