Энэ жил сар шинийн баярыг өргөн дэлгэр биш, зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг засгийн газар, УОК-оос уриалсан ч зах, худалдааны төвүүд болон задгай үзэсгэлэн худалдааны газруудыг баярын бэлтгэлээ базааж байгаа иргэдийн хөл дарж байна. Иргэдийн зүгээс сар шинийн баярт хэрэглэдэг дийлэнх бараа бүтээгдэхүүн, хамгийн гол нь эх орондоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн үнэ эрс өссөн байгааг хэлж байна.
Өнөөдрийн байдлаар зах, худалдааны төвүүдээр хонины ууц 210 мянгаас 430 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа бол үхрийн өвчүү нэг килограмм нь 12 мянгаас 15 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Дундаж хэмжээтэй үхрийн өвчүү ойролцоогоор 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин үйлдвэрүүдийн хэвийн боов ширхэг нь 3500-4500 төгрөгийн үнэтэй байгаа бол Гандангийн хэвийн боов нэг ширхэг нь 3800-4500, харин еэвэн хэмжээнээсээ хамаарч 2000-18.000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Энэ жил цагаан идээний үнэ нэлээд өссөн үзүүлэлттэй байна. Нэг кг хорхой ааруул 20-25 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа бол өрөм кг нь 15-25 мянган төгрөг, шар тос нэг кг нь 25-30 мянган төгрөгийн үнэтэй байна. Айл болгон сар шинээр сүүтэй цайтай байхыг хичээдэг. Тэгвэл “Сүү” компанийн нэг литрийн савлагаатай сүү 3250 төгрөг байгаа бол нэг литр задгай сүү дунджаар 2500 төгрөгийн үнэтэй байна.
Ялалтын талбайд зохиогдож буй үзэсгэлэн худалдаанаас тавгийн идээгээ бэлтгэхээр ирсэн иргэд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил цагаан идээний үнэ өссөн учраас худалдан авалт хийхэд хүндрэлтэй байгааг хэлж байна. Тухайлбал, ааруул, ээзгий, шар тос, өрөмний үнэ өмнөх жилээс даруй 5-15 мянгаар нэмэгдээд байгааг иргэд хэлж байна. Тэгвэл хонины ууц, үхрийн өвчүүний үнэ мөн л адил өмнөх жилээс нэмэгдээд байна. Махны худалдаачдын зүгээс тээврийн зардал, түрээсийн төлбөр нэмэгдсэнийг дагаад махны үнэ нэмэгдсэнийг хэлж байна.
Дотооддоо үйлдвэрлэгддэг хэвийн боов, цагаан идээ болон хонины ууцны үнэ өссөнд зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Үнийн өсөлтөөс шалтгаалж тэдний худалдан авах чадвар эрс буурсан гэдгийг ч мөн хэлж байлаа.