Сүүлийн үед иргэдийг түлшний гялгар уутаа шатаах болсноос агаарын бохирдол нэмэгдэж байна гэх яриа газар аваад байгаа. Гэр хорооллын ихэнх айлууд сайжруулсан түлшээ гялгар уутанд жижиглэн хийж галаа түлж байгаа нь агаарт хорт хий ялгаруулж, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна гэж Экологийн цагдаагийн газраас анхааруулж байгаа. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар гялгар уут түлсэн зөрчил илрүүлсэн тухай өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн юм. Тэгвэл энэ бүхнийг зөвтгөх тайлбараа иргэдийн зүгээс өгч байна. Сайжруулсан түлшийг задгайгаар түлэхэд гэрээр дүүрэн утаа тортог болдог учраас эрүүл мэнд, цэвэр байдлаа бодож гялгар ууттай нь түлэхэд хүрдэг гэсэн тайлбарыг иргэдийн зүгээс өгч байна.
1 шуудай сайжруулсан шахмал түлшийг айлууд зуухны том жижгээс хамаарч 3-4 гялгар уутанд хийж түлдэг. Саванд хийгээд задгайгаар түлшээ хийхэд хурц үнэртэй утаа гэрт дүүрдэг гэдгийг иргэд хэлж байна. Гялгар уутны агаарт үүсгэх хор уршгийг анхааруулж байгаа ч нөгөө талаар гэр доторх утаа тортог амьсгалд шууд нөлөөлнө.. Хүүхдийн уушгины хатгалгаа, уушгины үрэвсэл, бронхит, астмад утаа шууд нөлөөлдгийг эмч нар анхааруулсаар ирсэн. Тиймээс гялгар уутанд түлшээ хийж түлэхгүй байхыг анхааруулахаас илүүтэй сайжруулсан түлшийг утаа тортог багатай, үйрмэггүй үйлдвэрлэхэд анхаарах нь чухал гэдгийг бодит байдал харуулж байна.