Афганистаны гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Амир Хан Муттаки тэргүүтэй "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч нар барууны орнуудын засгийн газрын гишүүд болон хүний эрхийн байгууллагын төлөөлөгч нартай хэлэлцээ хийж эхэлжээ. Гурван өдөр үргэлжлэх хэлэлцээ даваа гарагт Норвегийн Осло хотод эхэлсэн байна.
“Талибан” хөдөлгөөний төлөөлөгч нар эмэгтэйчүүдийн эрхийн болон хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзсан байна. Афганистаны хүний эрхийн асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Том Уэст тэргүүтэй АНУ-ын төлөөлөгч нар "Талибан"-ы төлөөлөгч нартай уулзах үеэрээ хүний эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн боловсролын талаар хэлэлцсэн байна. НҮБ болон АНУ тэргүүтэй барууны орнуудын тусламжтайгаар эмэгтэйчүүдийн сурч, боловсрох эрхийг нь хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах, мөн эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, байр суурийг нь тодорхойлох зэрэг чухал асуудлууд дээр талууд хамтран ажиллахаар аман тохироонд хүрсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Энэ нь Талибууд наймдугаар сард Афганистаны эрх мэдлийг гартаа авснаас хойш барууны орнуудтай хийж байгаа анхны албан ёсны хэлэлцээ юм. Тэд өмнө нь ОХУ, Иран, Катар, Пакистан, Хятад, Туркменистанд айлчлал хийжээ.
Тэгвэл Афганистанд хүмүүнлэгийн нөхцөл байдал хүнд байгаа тул Афганистаны гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттаки АНУ болон барууны бусад орноос 10 тэрбум ам.доллар гаргахыг шаардсан байна. Үүнтэй холбогдуулан Норвегийн гадаад хэргийн сайд “Афганистаны ард түмнийг дэмжих талаарх хүмүүнлэгийн болон эдийн засгийн хүчин чармайлтыг бэхжүүлэхийн тулд “Талибан” хөдөлгөөний удирдлагуудтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна” хэмээн мэдэгджээ.
Нэмж мэдээлэхэд, НҮБ-ын мэдээлснээр, Афганистанд 1 сая орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд тус улсын 38 сая хүн амын дийлэнх нь үгээгүй ядуу байна.